Saturday, January 8, 2011

Left Luggage (1998)

Left Luggage (1998)
2009-06-04 20:29:22

Тун дажгүй гоё кино байна. Дээр үед үзэж байсан их анхаарч үзээгүй байж. Уламжлалаа хадгалан үлдсэн нэгэн Еврэй гэр бүлд ардчилсан үзэлтэй Еврэй оюутан бүсгүй хүүхэд харах цагийн ажил хийхээр очино. Тэр гэр бүлд үйлчлэх хатуу дүрэм журам, еврэйг үзэн ядагч лифтчин бүгд нийлээд бүсгүйг тэр ажлаас зайлсхийхэд хангалттай шалтаг байсан хэдий ч бяцхан Симка хүүгийн үлдээч гэсэн юм шиг гуйсан харцтай нүдийг харсан бүсгүй өөрийн эрхгүй зөвшөөрнө. (Ээжийнхээ хажуугаар цухуйх сэвхтэй шар жаал ямар эгдүүтэй бас надад хэлэх зүйл их байна гэж байгаа юм шиг аймаар сэтгэл санаанд нөлөөлмөөрөө. Яааж тэгэж тоглосийн.) Симка бүсгүй хоёрын хоорондын харилцаа бүсгүйг байшин руу орохоос л эхлэх бөгөөд магад бүсгүй Симкагийн ангел ч юм шиг. Бүсгүй үнэхээр энэ жаалд туслах гэж ирсэн. Тусаа ч үзүүлнэ. Аав ээж ах нартайгаа элэг бүтэн бяцхан хүүд яаагаад энэ бүсгүй хэрэг болов гэдгийг үзэж байж л мэднэ биз ээ.

Бүсгүйн өөрийнх нь аав ээж нь хамаагүй ардчилсан, орчин үеийн хүмүүс. Хэдийгээр сайхан орчинд амар жимэр сайхан амьдарч байгаа боловч Еврей нарыг хоморголон устгаж байсан үеийнх нь сэтгэлийн хөндүүр шарх нь огт арилаагүй тул ямар ч сэтгэлийн цэнгэл жаргалгүй амьдралтай хүмүүс. Аав нь залуудаа баригдахаас зугатаж нэг нуугдсан газраас нөгөө газар луу явж байхдаа газарт булж үлдээсэн өөрийн хувийн эд зүйлсээ олох санаатай шувт газрын зураг харж, тэр газраа хайна. Яаахав тэр чемоданаа олсноор өөрийнхөө алдсан амьдралынхаа өчүүхэн бага хэсгийг нь ч болов эргээд авчирч магадгүй гэж горьддог байх л даа. Эхнэр нь болохоор аль болох өнгөрснийг мартаж өнөөдрөөрөө амьдрахыг хичээвч хажуудах нөхрийн тэр цүнхээ олох улайрлаас болоод байнгын тавгүй байдалтай. Аав нь нэг удаа цагдаад баригдаад гэртээ ороод ирнэ. Тэгсэн чинь олон нийтийн газар хүрз бариад газар ухаж байгаад баригдсан байгаам. Тэр нь их инээдтэй.

Энэ бүхний эцэст бүсгүй юу ойлгов. Би юу ойлгов.Зарим хүмүүс чамаас маш тод чангаар тусламж хэрэгтэй байгаагаа илэрхийлж харуулна. Гэтэл бас зарим нэг хүмүүс өөрт нь чамаас тусламж хэрэгтэй байгаагаа хэлэх ч үгүй, орилж хашхирах ч үгүй зүгээр л мэдрүүлнэ. Чи ихэнхи хүмүүст огт хэрэггүй хүн байж болно. Гэхдээ чи хэрэгтэй хүмүүстээ гэрэл гэгээ нь болж явах юм бол чиний аз жаргал чинь тэр хүмүүстэй л байх болно. Симка-гийн нүд харагдаад байна шүү. Одоо болтол.

No comments:

Post a Comment